Хүний түүх

МОДОН ЭДЛЭЛИЙН ЦЕХЭЭ БАЙГУУЛСАН 20 НАСТАЙ АЖИЛ ОЛГОГЧ

2020-08-21

 Модоор урлах сонирхлоо гээлгүй, хоббигоо хөгжүүлж, модон эдлэлийн цехээ байгуулсан 20 настан ажил олгогч.  Баттогтохын Түвшинжаргал “Улаангом” политехникийн коллежид мужааны ур чадварыг эзэмшиж төгсжээ. Увс аймагт нээгдээд удаагүй байгаа Номингийн лангуунуудыг захиалгаар хийн нийлүүлж буй мужаан Б.Түвшинжаргалтай ид ажлын цагаар нь цөөхөн хором хөөрөлдлөө. 

Фейсбүүк:Түвшинжаргал Баттогтох

Сайн байна уу? өөрийгөө товч танилцуулна уу?

     Намайг Баттогтохын Түвшинжаргал гэдэг. 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангомд  Баттогтох гэж айлын том хүү болон мэндэлсэн. Гурван дүүтэй . Харин одоо эхнэр Удвалтайгаа хамт амьдардаг. Улаангом Политехник коллежийг сонгон суралцаж, 2017 онд  нарийн мэргэжлийн мужааны ангийг 4-р зэрэгтэй төгссөн.

Хүн хүссэн зүйлээ хийж, түүнээсээ аз жаргалыг олж мэдэрдэг.

Яагаад модон эдлэл хийх болсон бэ?

     Багаасаа модон эдлэл сонирхдог хүүхэд байсан. Янз бүрийн модон дээр хээ угалз хийчих гээд л. Өөрийнхөө сонирхдог зүйлийг хийж, өөрийгөө хөгжүүлж амьдарна гэж бодсон болохоор модон эдлэл хийх болсон.

Голчлон ямар эдлэл хийдэг вэ?

     Ихэнхдээ гэрийн тавилга хийдэг. Тэр нь бидний хэрэгцээнд байх ёстой зүйлс учраас

Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг, зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог.

Анх хийж эхэлхэд ямар бэрхшээлүүд тулгарч байв?

     Хийсэн сийлбэр нэг л болж өгөхгүй, нарийн сийлбэрүүд гоё харагддаггүй байсан. Харин барааны зах дээгүүр явж хүмүүсийн сийлсэн сийлбэр, бүтээлүүдийг их харна. Байж байгаад л зах гарна. Гоё сийлбэртэй авдруудыг хараад л хэзээ ингэж сийлж сурах бол гэж их бодогддог байлаа. Ер нь тэгээд өөрийн хүссэн, сонирхсон зүйл болохоор тэгтлээ их шантарч, хэцүү санагдаж байгаагүй.

Мэдээж хүний амьдралд мөнгө санхүү хэрэгтэй.Өөрийн чинь хувьд зөвхөн ашиг уу ? Аль эсвэл өөр зорилго бий юу?

     Байлгүй яахав. Ашгаас илүү өөрийгөө улам хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэхийг зорьдог. Цехээ ч өргөжүүлж, томруулна гэж хүсдэг. Том цех бий болно гэдэг чинь олон хүмүүс модон эдлэл хийж сурна, олон хүмүүс ажилтай болно, амьдралын нөхцөл сайжирна, хүмүүсийн модон эдлэлийн хэрэглээ нэмэгдэнэ. Чанартай томоохон тоног төхөөрөмжтэй, уламжлалаа гээхгүй, олон ажилтантай цехтэй болохыг л зорьж байна.

Хүмүүсийн модон эдлэлийн хэрэгцээ нэмэгдэх нь хэнд ашигтай гэж?

     Модон эдлэл хийдэг хүмүүст ашигтай гэж ойлгогдох хэдий ч хэрэглэж буй хэрэглэгчдэд илүү ашигтай. Учир нь гэвэл модон эдлэл хүний биед сөрөг нөлөөгүйгээс гадна тал бүрийн ашигтай байдаг болохоор төмөр болон хуванцар бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Цехээ хэзээ байгуулсан бэ?

     Мэргэжлээрээ сурч эхлээд хоёрдугаар курсдээ хүний цех дээр ажиллаж байсан. Тухайн үедээ онолд суралцсан зүйлээ практикт хослуулаад, ажиллаж байсан цехийнхээ хүнээс их зүйл сурсан. Харин өөрийн цехийн хувьд гэвэл коллежоо төгсөх жил буюу гуравдугаар курст байхдаа цехээ байгуулсан. Одоогоор томхон байшин барилга байхгүй ч аавынхаа грашд л үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдий жижиг ч гэсэн одоохондоо болоод л байна. Удахгүй зорилгодоо хүрээд цехээ томсгоно.

Анхны санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн олж байсан бэ?

     Аав ээж минь намайг их дэмждэг. Сургууль төгссөний дараа нэг удаагийн эргэлтийн материал болон багаж хэрэгслийг минь авч өгсөн. Тэр үеэс хойш цаг алдалгүй хөдөлмөрлөж, хэн нэгнээс өр зээл авалгүйгээр, хийх ёстой ажлаа хийн өдийг хүрч байна.  Аав ээж минь тэгтлээ их итгэж байхад итгэлийг алдахгүйг хичээж, шаргуу ажилладаг.  

Хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

     Эхнэр маань ерөнхий зургийг нь зураад би сийлдэг. Ажилчин гэхээсээ илүү надад тусалдаг хоёр, гурван хүн бий. Нэг нь миний төрсөн дүү, нөгөөх нь манай эхнэрийн дүү хоёр байгаа. Би бас модон эдлэл хийж сурмаар байна, та заагаад өг гэж хэлээд ирж байсан. Тухайн үедээ юу ч мэдэхгүй хүүхдүүд ирсэн. Одоо бол сандал хийн, тавилга угсарна гэх мэт олон зүйлийг хийж, тодорхой чадваруудыг эзэмшсэн.

Хүмүүс ямар бүтээгдэхүүнд тань илүү  захиалга өгч, худалдан авалт хийдэг вэ? 

     Сийлбэртэй эдлэлүүдийг сонирхдог. Тэр дундаа авдрыг илүү сонирхож байгаа. Угалзан хээтэй, арсланг нь арай өөрөөр сийлдэг болохоор бусдаас өөр байна гэж худалдан авсан хүмүүс намайг урамшуулдаг.  Модныхоо өнгийг өөрчилдөггүй нь хэрэглэгчдэд таалагддаг. Хүмүүс ихэнхидээ модоо будах, пигмент/мод өнгө оруулагч/ хийгээд бор, улаан өнгө оруулдаг. Миний эдлэлийн онцлог гэвэл голдуу, байгаа өнгөөр нь гаргадаг.

Бүтээлдээ ардын болон орчин үеийн хэв маягийн алийг нь илүү шингээж байна?

     Ардын хэв маягийг илүү шингээхийг хүсдэг. Яагаад гэвэл орчин үеийн хэв маяг, загвар хийц, хээ угалз гэх мэт зүйлсийг шингээж байгаа олон бүтээлүүд байна. Орчин үеийн загварыг хослуулж байгаа нь нэг талаараа сонирхолтой, хөгжил дэвшилтэй байгаа санагдаж байна. Тэднээс ялгарахын сацуу, уламжлалт, ардын хэв маягаа орхихыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл бид л энэ зүйлийг хадгалж, хэвээр нь үлдээж чадахгүй бол өөр хэн ч энэ зүйлийг авч үлдээж чадахгүй шүү дээ.

Ямар мод, материалаар илүү их хийдэг вэ, чанартай бүтээл болж чадах уу?

     Анх бол модоор хийдэг байсан. Харин одоо цагаа хэмнэж, захиалагчиддаа түргэн шуурхай үйлчилхийг хичээдэг учраас хавтангаар хийдэг. Монголчууд хийдэг зиг заг гээд зөөлөн хавтан бий. Бүх эдлэлээ тэр хавтангаар хийж байна. Чанарын хувьд нягт учраас, эдэлгээ сайтай.

Мод тарих тухай бодол байгаа юу?

     Одоохондоо тарьж эхлээгүй байгаа ч ирээдүйдээ олон мод тарих зорилго байгаа. Хэдий модыг тайраад бүтээгдэхүүн хийхгүй байгаа ч цаанаа модоор хийгдэж байгаа учраас тэр.

Хичээж байгаа хүний дэргэд дэмжих, түших хүнтэй байна гэдэг хамгийн том тансаглал

Өөрийнхөө амьдралын тухай цөөн үгээр тодорхойлвол?

     Би өөрийгөө азтайд тооцдог. Өөрийнхөө хүссэн, сонирхсон зүйлээ хийж чадах чадалтай байна.Залуу байна. Том байшин, үнэтэй хувцас өмсөж байж хүн жаргадаггүй гэж боддог. Ямар ч үед түших хань, дэмжих ээж аав байгаа. Хүн өөрийнхөө чаддаг, сонирхдог зүйлээ хийгээд сайхан амьдарч болно шүү дээ

Цаг зав бага ч гэлээ ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.