2020 он. Наймдугаар сарын 07.
Зүүнговь сум. Элсэн дундаас эх авах Цагаан /Хустын/ гол баримжаалснаар 13-14 км урсаж Баяннуурт цутгана. Гол дагуу зусаж буй хэсэг айлууд эсгий хийхээр голынхоо сэлүүхэн хөвөөнд цугларчээ. Сондуул бага, эсгий чирэхэд уужим зайтай газрыг сонгож эсгийгээ хийнэ. Цөөн бүлтэй хүмүүс эсгий хийхэд хэцүү. Олны хүчээр хийдэг ажил болохоор нэг голд зусдаг хамаатнууд айл саахалтаараа хамтарч эсгийгээ хийх гэж байгаа нь энэ аж. Эсгий хийхэд гол мод, бул, эсгийгээ ороох ус бага нэвтрүүлэх материал хэрэгтэй. Эсгий чирэх морийг урьдчилан барьж сойдог байна. Эсгий хийхэд өмнө жилийн наймдугаар сарын дундуур эр хонио дахин хяргасан ахар ноос, хурганы ноос, ут ноос /Уртыг нутгийн аялгаар ингэж хэлдэг/ орно. Эсгий хийх үйлтэй таарсан хүмүүс “Яснаас хатуу, цаснаас цагаан болтугай” хэмээн ерөөдөг.
Биднийг залуу байхад эсгий хийхдээ олон өдөр бэлддэг байлаа. Хонь хяргасны дараа хурганы болон ут ноосоо даахийг нь арилгаж сэмлэх ажлыг эхнэр, хүүхдүүд голдуу хийнэ. Тэгээд идэр залуус ноосоо савна. Харин одоо амар болжээ. Сумын төвд машинаар сэмлүүлдэг болсон хэмээн Б.Жавзмаа, Б.Цэвээнжав гуай нар хуучиллаа. Эсгий хийх айлууд Хяргас сумын төвд очиж ноосоо сэмлүүлдэг байсан бол одоо Зүүнговийн төвд ноос сэмлэдэг цехтэй болсон гэнэ. Нэг килограмм ноосыг 600 төгрөгөөр сэмлүүлдэг байна. Машинаар сэмлэсэн ноос, гараар сэмлэж, савсан ноосонд ялгаа байхгүй, эсгийний чанарт нөлөөлдөггүй хэмээн эсгийгээ хийж байгаа Ө.Ганбаатар хэлэв.
Хурганы ноосоо сэмлээд ахрын ноостойгоо хольж савна. Ут ноосыг тусад нь саваадан бэлддэг байсан бол зөвхөн хар цагаанаар ялган сэмлүүлдэг болсон байна. Эсгий хийх Монголчуудын уламжлалт арга нь технологийн нөлөөгөөр илүү хялбар болсоор байгаа хэдий ч эсгий зулах, чирэх заншил хадгалагдан үлджээ.
ТӨРИЙН ЭД ТӨВ САЙХАН БОЛТУГАЙ...
Шинэ эсгий хийхдээ эх эсгийг өмнө жилийн ястай эсгийнээс сонгон авдаг. Гэхдээ заавал эх эсгий гэхгүйгээр малчдын хэлдгээр цоохор цаасан дээр зулдаг болжээ. Хэмжээ алдахгүй, ус бага шүүрүүлдэг учраас амар байдаг гэнэ. Ингээд Цагаан голын хүндэт буурай нар болох Ч.Жавзмаа, Б.Цэвээнжав, Лхайсүрэн нараар зулхай зулуулав. Үүний даараа малын шимийн охь нэрмэл, цагаан архиа дээжлэн цацах ёс үйлдэв. Эсгийг цагаан болгохын тулд тунгалаг голын усаар шавшдаг байна. Нэг эсгийнд ойролцоогоор 70 орчим килограмм ноос ордог хэмээн Д.Ганбат ярьж байлаа. Хурганы, ахар, ут ноосоо хольж сэмлэсэн цагаан ноосоороо зулхайгаа зулсны дараа чаатуу татна. Холимог хар ноосоо давхарлан зулахыг нутгийнхан чаатуу татах гэнэ. Ингээд усаар сайтар шавших л үлдлээ. Эсгий шавших усыг голоос хүүхдүүд чадалдаа тохирсон саваараа зөөцгөөнө. Усаа жигд шавшисны дараагаар модон голдоо чанга ороодог. Эсгийний хоёр захаар илүү гарган бэлдсэн презентэн материалаар зулсан ноосоо тулмайдан орооно. Ингээд гадуур нь дахин ус нэврүүлэхгүй материалаар ороож олсоор бэхлээд эсгийгээ чирэхэд бэлэн боллоо. Урьдчилан барьж сойн хөнгөрсөн мориор эртэй залуус чирнэ.
Төрийн эд төв сайхан болтугай...
Өглөө 10 цагийн үед эхэлж үдэш нар шингэсний дараа гурван айлын 11 эсгий хийж дуусгав. Илүү гарсан ахрын голдуу ноосоо зулахаар эмэгтэйчүүд улайрах бөгөөд эрчүүд “...илүү ажил хийлээ. Хамтад нь хийхгүй яасан юм” гэж төвөгшөөх янзтай. “Гутлын дотор хүүхдүүдийн госонд \гутал\ улавч хийхэд хэрэгтэй” хэмээн Лхайсүрэн гуайг хэлснээр маргаан тасарч арай нимгэн, урт нарийхнаар зуллаа.
Хийсэн эсгийгээрээ гэрээ сэлбэн хатгаж, заримыг хүүхэддээ гэр бүрж \шинэ гэр тааруулах\ байгаа ойрын ах дүүдээ сэлбэг болгон өгдөг байна. Ийнхүү Цагаан голоор зусаж байгаа хамаатан саднууд хамтран эсгийгээ хийлээ. Одоо өвөлжөө бууцаа, засах, хадлан тариагаа бэлдэх ажил үлдэж байна. Энэ голынхан энэ мэт ажлаа хамтдаа эвсэн хийдэг уламжлалаа хадгалан үлджээ.