Гэрлээ асаая

Монгол дээл эсгэх, урлах уламжлалт мэдлэг хадгалагдаж байна

2020-08-13

     Мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал гэж төрийн оршихуйн  мөн чанарыг монголчууд үндэсний хувцсаараа бэлгэдэн хэлдэг.   Баяд, дөрвөд, халх, буриад эсвэл язгууртны гэх зэргээр хэн өмсөхөөс шалтгаан дээл  оёх, загвар хийц, урлах даавуу, торгоор нь ялган урладаг ч ар талаас нурууны гол, урд талаас эгэмний хонхорхойг  голч болгон бурхны тиг зурлага лугаа  тэгш хэмээр эсгэдэг монгол дээлний үндсэн эсгүүр өнөө бидэнд өвлөгдсөн иржээ. Нэгэн цагт гэргий  бүрийн хийж чаддаг байсан үйл өнөөдөр эзэмшиж үлдсэн л хийдэг мэдлэг, тогтвортой амьдрах үндэс болж байна.     

     Монголчуудын харааны ур, баримжаалах чадвар дээл эсгэхэд нэн чухал. Монгол дээлийг метрлэж хэмжихээс илүү гарын хэмжээгээр төөлж хэмжих нь биенд илүү сууж өгдөг байна. Монгол, европ хувцасны  “Марал” салоны захирал Н.Золзаяа ингэж гараар баримжаалан хэмжих аргаар дээл хувцсаа урладаг. Давхарлаж тавьсан даавуун дээрээ мөрний урт нэг төө, дээлний хараа 4 хуруу, захны тойрог гурван хуруу гэх зэргээр баримжаалан хэмжиж эсгэнэ. Хоёр гарын алдалсан хэмжээ нь тухайн хүний  биеийн өндөртэй  тэнцэнэ. Тиймээс монголчууд дээл хувцас урлахдаа төө \18-21 см \, сөөм \16-19 см\ , мухар сөөм \11-14 см\, 4 хуруу \7-7,5 см\ зэрэг гарын хэмжээсүүдээр баримжаалан хэмжих нь илүү тохиромжтой байдгийг тогтоож, хойч үедээ өвлүүлсэн.  Монгол дээлийг  даавуу, торгоор урлах бөгөөд  урлах материалын эн, хээ зэргээс шалтгаалан  битүү талаас ухаж эсгэх, зөрүүлдэх, ташаалдах, хээ нийлүүлж гүйлгэх, хүү энгэр гаргаж эсгэх гэсэн аргуудыг Н.Золзаяа эзэмшжээ.   

Уран үйлчин Н.Золзаяа: “Бурхны тиг зурлагаар эсгэдэг сүүн сэтгэлээр урлаарай” гэж эмээ минь захисан

     Золзаяаг  дээл эсгэх, урлах ажилд хөтөлсөн хүн нь түүний эмээ, Увс аймгийн Тэс сумын уран Лхайжав гэж буурай 12 настай байхад нь анх  хурган дотор зүүлгүүлж байжээ. Хайч хуруувч дөхүүлэх, жанхуу зуурах, дээл эсгэхэд хайчлах ором гаргадаг гурилтай утасны үзүүрийг барих зэргээр үйл урлахад алхам алхмаар дөхсөөр л... Эмээгийнх нь тарьж өгсөн урлах үр томрох тусам улам дэлгэрсээр  дунд сургуулийн зургаадугаар ангидаа   Золзаяа дээл эсгэж, урлаж, монгол гутал оёж сурсан байна.

Мэргэжлээрээ ажиллах гараагаа амжилттай эхэлсэн жүжигчин яагаад үйл урлахад уруу татагтав?

-Миний эмээ өндөр настай болсон байхдаа ач зээдээ өөрийн мэдлийн мал хөрөнгөө хуваан өгсөн.  Ах эгчид адуу үхэр гэх зэргийг заасан атлаа надад өөрийнхөө хэрэглэж байсан элэгдэж хуучирсан үйлийнхээ уутыг өгсөн юм. Надад яахаараа ийм юм өгдөг юм гэж голж, эмээдээ гомдож байсанч том болж, ухаажихын хэрээр эмээгийнхээ санааг ойлгосон. Олон ач зээгээсээ намайг сонгож, өөрийн урлах эрдмээ сургаж, өвлүүлсэн байсан. Би европын есөн орноор явахад миний хамгийн үнэтэй хөрөнгө минь эмээгийн үйлийн уут байсан даа.

Дээл урлахыг  монгол бүсгүйчүүд дийлэнх нь чадна. Гэхдээ нутаг нутагт онцгой нэгэн уран хүн байдаг. Уран хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол?

-Эмээ минь хэлэхдээ Монгол дээлний онцлог бол эсгэхээсээ эхлээд нь ерөөл бэлгэ шингэсэн байдаг.  Дээлийг  бурхан бүтээхтэй адил тэгш хэмийн тигээр зурж эсгэдэг. Бурхны зурлагаар амилуулж байгаа болохоор хар хор, шуналын сэтгэлгүй сүүн санаагаар урлаж байгаарай гэж  захидаг байсан.  Ер нь дээлийн дотор, гадар шигээ цэвэрхэн цэмцгэр байх учиртай.  Дээл эмжих, товч шилбэ хадах бол олон жилийн нөр хөдөлмөрөөр бий болдог арга туршлага. Ухааны ур, харааны ур, гарын уртай нэгдэж, хайч, зүү, оёдлын машин яг чиний гар шиг болж, биеийн нэг хэсгээ удирдаж байгаа юм шиг ашиглаж байвал ур суужээ гэж үздэг юм болов уу л гэж бодож байна. Би товч шилбэх хадахыг эмээгээсээ сурсан.

10 жилийн өмнөх үеийн бодоход монгол загвартай хувцас өдөр тутмын хэрэглээ болж эхэлсэн байна?

- Монгол дээлийг баяр ёслол, хурим найраар л өмсдөг болж, өдөр тутмын хэрэглээнээс шахагдаж эхэлсэн үе бол 1990 оны дундаас 2000 оны эхэн үе. 2000 оноос оюутнууд сургуулиа төгсөөд ромбо дипломоо гардахдаа монгол загварын хувцсаар гангардаг болж эхэлсэн. Монгол хувцас бол монголчуудын ахуй амьдралд төгс нийцсэн, хөдөлгөөн хорьдоггүй зэрэг олон чанар нь өдөр тутмын хэрэглээнд оруулахад гол нөлөө үзүүлсэн болов уу. Түүнчлэн зөвхөн торго дурдангаар бус даавуугаар энгийн, ажил хэрэгч монгол загварын хувцаснууд хийж эхэлсэн. Аливаа үндэстний хувцасны соёл тухайн цаг үе, нийгмийнхээ хөгжилтэй нягт хамааралтай байдаг юм болов уу. Тийм ч учраас өнөөдөр ажил хэрэгч хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд монгол загвартай хувцаснууд нэвтэрч байна.

Монгол хувцасны загвар европ загвартай нэгдэн нийлж байгаа юм шиг анзаарагддаг. Монгол өв соёлоо алдагдуулж байна гэж шүүмжлэх нэгэн ч бий.

-Би бол монгол хувцасны хэв загвар уугуул чанараа хадгалахын сацуу илүү сайжран хөгжиж байна гэж хардаг. Биеийн галбирт тохируулан танах, хуних элементүүд орж байгаа ч гэсэн  эмжчихсэн , зах залгачихсан байхад Монгол хувцас л харагдаад байдаг. Монгол дээл оёх оёдлын дараалал гэж бий. Улирлын байдалтай зохицуулахаас гадна  хэзээ, хаана, хэн өмсөх вэ гэсэн хувь хүний онцлогт нийцүүлэн монгол хувцасны материалыг сонгодог. Монгол дээлэнд гадар өнгө, дотор, хажлага, цаваг, эмжээр, наалт оёдлын утас зэрэг түүхий эд орно. Товч шилбэх хадах, захалж хөвөрдөх зэргээс бусдыг орчин үед оёдлын машинаар оёддог болсон. Дээл эсгэх энэ аргуудыг монгол загварын хувцаснууд эсгэх, урлахад  ашигладаг.  Монголчуудын хувцас эсгэх өв соёл мартагдахгүй улам хөгжиж байна л гэж би хардаг.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.