-Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
-Намайг Батсуурийн Энхзул гэдэг. Би 2001 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод айлын бага, хоёр ихрийн нэг болж төрсөн. Ахлах сургуулиа Улаангом хотын Улсын тэргүүний хоёрдугаар цогцолбор сургуульд суралцаж төгссөн. Одоо ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр Москва хотод байрлах Санхүүгийн Их Сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан.
-Яагаад санхүүгийн чиглэлээр мэргэших болсон бэ?
-Би математикийн хичээлдээ дуртай байсантай холбоотой гэж боддог. Бага ангиасаа эхлэн математикийн олимпиадад бэлдэж, уралдаан тэмцээнд оролцдог байсан. Маш их тоо статистиктай холбоотой салбар учраас математик суурь сайтай байх хэрэгтэй. Зарим салбараас ялгаатай нь энэ салбар бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Олон улсын санхүүгийн чиглэлээр сурч байгаа болохоор надад дэлхий даяар боломж дүүрэн байгаа. Санхүүгийн салбар нь хувирах чадвар сайтай, ажлын байрны эрэлт ихтэй учраас энэ мэргэжлийг сонгосон.
-ОХУ-д суралцах болсон шалтгаан юу вэ?
-Анх долдугаар ангид Орос хэлний хичээл орж эхлэхэд маш дуртай байсан. Есдүгээр анги хүртэл ороод хаагдсан ч бие дааж суран, олимпиад уралдаанд оролцож байв. Мэдээж энэ хэлийг төгс эзэмших юмсан гэх хүслээс минь эхлэлтэй юм болов уу. Ямар ч хэлийг тухайн улсад нь очиж сурах эсвэл тэр газарт амьдрах нь чухал гэж боддог. Төгсөх ангидаа Баруун Бүсийн Орос хэлний олимпиадад оролцоод ОХУ-д суралцах тэтгэлгээ авч байсан.
-Монголдоо бакалавраар суралцъя хэмээн бодож байгаагүй юу?
-Тухайн үед Монголдоо Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд орох эсвэл Орос руу явах гэсэн сонголттой учирсан. Хэрвээ гадаадад сурвал Монголдоо сурснаас ямар давуу талтай вэ гэдгийг бодолцон шийдвэрээ гаргахаар төлөвлөв. Гадаадад сурах ер нь амаргүй гэдгийг таамаглаж байсан ч тэр хэмжээгээр би туршлагажна. Хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсийг харж, хийж, өөр соёлд өссөн хүмүүстэй уулзах боломж надад гарч ирсэн. Мөн бусад улсын соёлыг үнэлэх, дэлхийн талаар илүү их ойлголттой болох боломж юм.
-Оюутан болоод хамгийн хэцүү зүйл нь юу байв?
-Арван жилээ төгсөөд шууд Орос уруу явсан учраас бүх зүйл надад шинэлэг байв. Оюутны амьдрал арван жилээс нэлээн ялгаатай. Арван жилд хичээл 40 минут ордог байсан бол их сургуулийн хичээлийн нэг паар нь 90 минут ордог гэх мэт. Өмнө нь тэгж олон цагаар хичээлд сууж байгаагүй болохоор их хэцүү санагдаж , нэг өдөрт зургаа долоон паар хичээл орох үед их ядарч, өлсдөг байв. Эхэндээ дасахад хэцүүхэн. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь гэр бүл, найз нөхдөө санах юм билээ. Гэр бүл, найз нөхөд маань хажууд байхад тэгж их анхаарч, тоодоггүй байсан хэрнээ холдоод явсны дараа үгүйлж, ямар их үнэ цэнэтэй хүмүүс байсныг мэдэрсэн.
Гүйгээд очиж чадахгүй учраас тэвчихээс өөр сонголт байгаагүй.
-Гадаадад суралцаж буй оюутнуудын хувьд хамгийн хүндрэлтэй асуудал нь тухайн орны хэлээр ярих байдаг. Тэгвэл таны хувьд энэ бэрхшээлтэй хэрхэн нүүр тулсан бэ?
-Анх буруу зөрүү ярьчих вий дээ гээд эмээж байлаа. Гэхдээ ингээд ч болов ярих хэрэгтэй хэмээн нүүр хагарч эхэлсэн. Манай ангийнхан ихэнх нь Орос хүүхдүүд. Тиймээс олон Орос найзуудтай болж, тэдэнтэй өдөр бүр ярьж, мэдэхгүй зүйлээ цаасан дээр ч болов бичүүлж аваад ойлгодог байсан. Багш нарынхаа яриаг ойлгох, дасах, бидний ярьдгаар чихнийхээ бөглөөг гаргах гэж нэг сарын хугацааг зарцуулж билээ. Ер нь хүн өөрийгөө огтхон ч голж болохгүй. Алдсан ч, оносон ч хүн хичээвэл болдог.
Өөрийгөө хэзээ ч доогуур үнэлэхгүйгээр, өөртөө итгэж, бүр илүү хичээх ёстой гэдгийг ойлгож авсан даа.
-Танай сургуульд монгол оюутан хэр их байдаг вэ?
-Хэлний бэлтгэл, бакалавр, магистраар сурах гээд ирсэн монгол залуучууд зөндөө. Надтай нэг үеийн, мөн надаас эгч хэдэн найзтай. Бид маш богинохон хугацаанд найзалж байгаа ч хэдэн жил найзалсан юм шиг дотно байдаг. Бүгд өөрийн гэсэн зорилготой, давуу талтай, мундаг залуус. Нэг нь өвдөхөд эм бариад очдог, нэг нь хэцүү байхад очоод хань болж, тайтгаруулдаг, чаддаг, мэддэг зүйлсээрээ нэгэндээ тусалдаг. Хэрвээ энэ ярилцлагыг уншиж байгаа бол найзууддаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна.
-Цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?
-Долоо долоон хоногоор цагийн хуваарь гаргадаг. Амралтын өдрүүдээр шинэ долоо хоногт юу хийхээ төлөвлөж, дэвтэр дээрээ бичнэ. Ингэснээр ямар нэг хийх байсан зүйлээ мартахгүй, мөн аливаа зүйлийг цаг тухайд нь хийж дуусгахад тусалдаг.
-Хичээл хийх арга барилаасаа уншигчидтай хуваалцаач?
-Би хичээл хийхдээ хэд хэдэн зүйлд их анхаардаг. Нэгдүгээрт, орчин маш чухал. Тохитой, надад эрч хүчийг өгдөг тийм орчныг бий болгож, хичээлээ хийдэг. Хаана хамгийн идэвхтэй байж, юунд ч сатаарахгүй анхаарлаа төвлөрүүлж чадаж байна, тэр газраа сонгож хичээлээ хийх хэрэгтэй. Номын сан, кофешоп, сургууль, аль эсвэл гэртээ ч байж болно. Миний хувьд номын санд ихэвчлэн сууж хичээлээ хийдэг. Нам гүм, чимээгүй орчинтой учраас анхаарал маш сайн төвлөрч, хичээлээ сайн хийж чаддаг. Хоёрдугаарт, үргэлж төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хичээл хийхийнхээ өмнө яг ямар хичээлийг, яаж хийх вэ гэдгээ төлөвлөж сурах нь зөв. Гэхдээ үр бүтээлтэй байхын тулд хийж амжихааргүй их жагсаалт гаргах хэрэггүй. Гуравдугаарт, надад саад болох зүйлсийг өөрөөсөө холдуулдаг. Хамгийн их саад болдог зүйл бол мэдээж гар утас шүү дээ. Дууг нь хаахад л болно гэж бодож болох л юм. Гэхдээ утас нүдэнд харагдаж л байгаа бол толгойн дотор утасны талаарх бодол салдаггүй. Тийм болохоор хичээл хийх гэж байгаа үедээ хувцасны шүүгээндээ утсаа хийгээд хичээлээ хийдэг. Дөрөвдүгээрт, өөрийгөө шагнадаг. Хичээлээ хийгээд дууссан бол дуртай амттанаа идэж, дуртай киногоо үзэж, найзтайгаа уулзаж, хүссэн зүйлсээ хийдэг. Хичээлээ хийнэ гэхээр л өдөржингөө өөрийгөө залхааж, нухаж суухыг хэлэхгүй. Өдөржин тэгж суувал цаашдаа үргэлжлүүлээд хийхэд хэцүү болдог.
-Ихэнх хүүхдүүдийн хувьд залхуурал хамгийн том даваа. Тэгвэл таны хувьд үүнтэй хэрхэн тэмцдэг вэ? Урам зоригоо хаанаас, яаж олж авдаг вэ?
-Заримдаа олон цагаар хичээл хийж суухад уншиж байгаа хичээл залхуутай санагдах үе бий. Тэр үе болгонд өөрийгөө сэргээх зүйлсийг олдог. Миний хувьд жоохон завсарлага аваад, чихэвчээ зүүгээд, тултал чангалаад, гаднах саравчиндаа хэсэг суухад л сэтгэл санаа, толгой сэргэнэ. Бас өөрт таалагдсан, урам зориг өгөх сургаал үгсийг тэмдэглэж аваад өрөөнийхөө хананд өлгөснөөр хичээлээ хийх эрч хүчийг авдаг. Юунд хүрэхийн тулд энэ хол замыг туулж ирсэн билээ дээ. Надад итгэж байгаа хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлэхгүй, мөн өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч байж, мөрөөдөлдөө заавал хүрнэ гэж өөрөө өөртөө үргэлж хэлдэг.
-Мөрөөдөлдөө заавал хүрнэ гэж үргэлж хэлдэг гэж байна. Өөрийн тань хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Мөрөөдөл амьдралыг утга учиртай болгодог. Биднийг илүү тэмүүлэлтэй амьдруулах хөшүүрэг. Мөрөөдлийнхөө талаар төсөөлж бодох үед надад маш их аз жаргал, урам зориг мэдрэгддэг. Учир нь яг тэр үед одоо юу хийх ёстой маань маш тодорхой болж өгдөг. Би мөрөөдлийнхөө талаар ил тод яриад байх дуртай биш л дээ. Энэ миний л мөрөөдөл учраас. Хамгийн том мөрөөдөл бол өөрийн гэсэн асрамжийн газартай болох. Асрамжийн газраас хүүхдүүд 18 нас хүрээд гарна. Гарахад нь тэднийг ямар амьдрал хүлээж байгаа бол гэж бодож үзсэн. Мэдээж шууд ажилгүйдэл, амьдрах орон байраас эхлээд асуудал их шүү дээ. Тиймээс мэргэжил, боловсрол эзэмшихэд тусалдаг, ажил амьдралтай болтол нь харж ханддаг тийм л асрамжийн газартай болохыг хүсдэг.
“Мөрөөдлийнхөө зүг рүү гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх” гэдэг үг надад маш их таалагддаг. Яг л энэ үг шиг мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө илүү их дайчилж, шантралгүйгээр өдөр бүр тууштай хөдөлмөрлөж, өчигдрөөсөө илүү сайжирч, хөгжих ёстой гэж хичээж байгаа.
-Шинээр оюутан болж байгаа, мөн гадаад руу сурахаар төлөвлөж байгаа оюутнуудад хандан өөрийн туршлагаасаа хуваалцаач.
-Хамгийн түрүүнд аливаа зүйлд тууштай хандах зан чанарыг өөртөө суулгаарай гэж зөвлөмөөр байна. Гадаадад анх суралцахаар ирэх үед бодож, төсөөлж байгаагүй шийдвэрлэх маш олон асуудлууд тулгардаг. Тэр бүгдэд уян хатан байх нь их хэрэг болно шүү. Мөн зорилгоо сайн тодорхойлох хэрэгтэй. Бүх зүйлд эерэг хандлагатай байж, сэтгэл зүйгээ бэлдээрэй. Гадаадад очоод уулзсан хүн бүр чамаар Монгол улсыг төлөөлж харах учраас өндөр хариуцлагатай байж, уралдаан тэмцээн, сайн дурын ажилд идэвхтэй оролцоорой. Эцэст нь ямар нэг зүйлийг эхлэхийн тулд чи сайн байх шаардлагагүй. Харин сайн байхын тулд эхлэх хэрэгтэй. Үргэлж өөртөө итгэлтэй байгаарай гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.