-Юуны өмнө их сургуулиа төгссөнд нь баяр хүргэе. Мэргэжил бүхэн сайхан гэдэг дээ. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон талаараа хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би багадаа эмч болно гэж боддог байсан. Гэтэл яалт ч үгүй математик болон физикийн хичээлдээ илүү сонирхолтой байсан болохоор өөрийнхөө хүссэн зүйлээ хийхээр шийдсэн. Мэдээж мэргэжил бүхэн сайхан. Өөрийнхөө хийж буй зүйлийн үнэ цэнэ, сайхан зүйлийг олоод харчихвал бүхий л мэргэжил гоё шүү дээ. Гэхдээ амархан биш л дээ. /инээв/ Мэдээлэл технологийн салбар Монголд зайлшгүй шаардлагатай чухал салбаруудын нэг. Тийм болохоор энэ салбарын мэргэжил маш эрэлттэй. IT гэдэг өөрөө маш том ухагдахуун/салбар/ бөгөөд дотроо олон задарна. Жишээ нь software инженер бол үйлчлүүлэгчийн хүсэлтэд нийцүүлсэн software хийж өгөх гээд л. Миний хувьд анх энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь бодлого бодож, код бичих нь сонирхолтой байсан болохоор цаашлаад улам ихийг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн сонгосон.
-Гадаад улсад суралцана гэдэг хэлийг нь сурахаас эхлэх байх. Та япон хэлийг хэрхэн сурч байв. Япон хэлийг сурахдаа залуус юуг анхаарвал зүгээр вэ?
-Тэгэлгүй яах вэ. Гадаад оронд өөрсдийнх нь хэл дээр хэлний бэлтгэл ч биш мэргэжлийн хичээлийг тэр орны хүүхдүүдтэй зэрэгцээд судлаад явна гэдэг амаргүй зүйл. Тэр дундаа нэг жилд сурна гэдэг бүр ч хэцүү. Гэхдээ косэн хөтөлбөрийн хөдөлмөрч багш нарынхаа ачаар энэ тийм ч хэцүү байгаагүй ээ. Өглөө 7.40 цагт хичээл эхлээд орой хүртэл суугаад хичээллэдэг байсан үе саяхан мэт л санагдаж байна. Эхний өдрөөсөө л маш их ачаалалтай явж байж л өдий зэрэгтэй болсон болохоор бүх багш нартаа маш их баярлаж, талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.
Япон хэлийг сурахдаа болж л өгвөл тухайн хэлийг ашиглах бүхий л гүүр гарцыг нээх хэрэгтэй. Миний хувьд утасныхаа хэлийг япон хэл дээр болгохоос эхэлж байсан юм байна.
Багш нарынхаа зөвлөснөөр цаг завтай үедээ үргэлж япон хэл дээр юм сонсож, сонссоноо бичээд тэгээд эх хэл рүүгээ хөрвүүлэх гээд л хэл сурах олон аргуудыг ашиглаж байсан. Цаашлаад япон ном унших, дуу сонсох, кино үзэх гээд л дуртай зүйлээрээ дамжуулан хэлийг сурах нь бас их дөхөмтэй гэж бодож байна. Япон хэл сурч байгаа хүмүүст хандаж хэлэхэд ханз эхэндээ хэцүү санагдаж магадгүй ч сураад мэдээд байх тусам хамгийн гоё, чухал зүйл гэдгийг нь ойлгоно.
-Хүмүүс юм л болвол япон хүмүүсийг сайн жишээнд иш татан ярьдаг шүү дээ. Японд очоод сурсан хамгийн чухал зүйл юу байв?
-Тийм ээ. Маш эелдэг хүмүүс. Би бие дааж амьдрах тал дээр тэд нараас нэлээд суралцсан шүү. Япончууд бусдыг хүндэтгэж, бусдад гай төвөг болохгүй амьдрахыг хичээдэг хүмүүс. Мөн үнэхээр соёлтой ард түмэн гэдэгтэй маргах зүйл байхгүй. Жишээлбэл, дэлгүүрт ороход л бүгд ар араасаа нэг эгнээнд цувран зогсдог. Зүгээр л шударга, бие биенээ хүндэлж чаддаг. Энэ чанараас нь суралцахыг хичээсэн. Түүнчлэн, Японы хамгийн их таалагддаг зүйл нь үйлчилгээний соёл. Наад зах нь маш эелдэг инээмсэглээд угтдаг нь үнэхээр үйлчүүлж байгаа хүнд хүртэл тааламжтай санагддаг. Энийг л Монголдоо илүү их байгаасай гэж хүсэж байна даа.
-Японд байхад таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?
-Өглөө босоод ус уухаас эхэлдэг дээ. Заримдаа өглөөд гүйнэ. Гүйх үед сэтгэл санаа үнэхээр гоё болж тэр өдрийг эрч хүчтэй, цог золбоотой болгоход их нөлөө үзүүлдэг шүү. Тэгээд шүршүүрт орно, цайгаа бэлтгэж ууна, дараа нь тэр өдөр амжуулах ёстой бүх ажлаа нэг хардаг. Үүнийгээ өмнөх орой нь жижиг тэмдэглэлийн дэвтэр дээрээ үргэлж бичдэг юм. Тэгэхгүй бол зарим нэг хийх ёстой зүйлээ мартчихдаг. /инээв/ Тэгээд хичээлдээ явна. Хичээлээ тараад даалгавартай бол лаборатортоо хийнэ. Үгүй бол байрандаа очиж амарна. Тэгээд оройн хоолоо хийж иднэ. Оройд найз нөхөд, гэрийнхэнтэйгээ утсаар ярина. Өөрийнхөө дуртай зүйлүүдээ хийж, нэг ёсондоо өөртөө цаг гаргана. Тэгээд орой нь жижиг дэвтрээ хараад хийсэн зүйлүүддээ дүгнэлт хийж маргаашийнхаа хийх ёстой зүйлийн жагсаалтаа гаргана. Ер нь бол бүх зүйлээ төлөвлөж бичих дуртай. Тэгээд л амарна даа.
-Маргааш хийх зүйлээ өмнөх өдөр нь төлөвлөдөг гэж байна. Ингэснээр ямар давуу тал үүсдэг вэ?
-Тиймээ. Хийх ёстой зүйлийнхээ жагсаалтыг гаргаж төлөвлөх нь цагаа зөв зохицуулахаас гадна эмх замбараатай тайван юмаа амжуулж чадах боломжийг олгодог. Цаашлаад чухал болон арай бага чухал зүйлүүдээ ялгаж, салгаж зохицуулахад тусалдаг. Бид заримдаа өө тэрийг хийхээ мартчихаж, тэгэхээ мартчихаж гэдэг үе гардаг шүү дээ. Тиймээс бичиж тэмдэглэж, дараа нь тэдгээр жагсаалтаа биелүүлснээ харахад ч урамтай байдаг. Зүгээр хийх ёстой бүх зүйлсээ, толгойдоо орж ирсэн жижиг ажлуудаа ч хамаагүй бичих хэрэгтэй. Тэгээд л тэрийгээ өдөрт хэд хэд хараад биелүүлээд явах хэрэгтэй. Жишээ нь өглөө босоод 30 минут ном унших, багштай уулзах, юм хэвлэх , хогоо асгах ч юм уу.
-Таны алсын хараа юу вэ. Залуу хүний хувьд ямар зорилго тавин, хичээж байна?
-Өөрийнхөө мэргэжлээрээ ажиллаад хэдэн жил туршлага хуримтлуулаад Монголынхоо мэдээлэл технологийн салбарт өөрийн гэсэн хувь нэмэр оруулахыг зорьж байна. Түүний тулд одооноос өөрийгөө хөгжүүлэх янз бүрийн ном сонин уншаад байж байна даа.
-Зорилгодоо хүрсэн үед хүн өөрийгөө амжилттай байсан гэж хэлж болох байх. Та амжилтанд хүрэх нууцыг юу гэж боддог вэ?
-Би амжилтыг маш жижиг зүйлээс ч мэдрэхийг хүсдэг. Бүгд том ажлын ард гараад тэрийгээ амжилт гэж харах ч миний хувьд өөрийнхөө өмнө тавьсан жижиг, жижиг зорилгоо биелүүлчихсэн ч тэрийгээ амжилт гэж харан урам авч урагшилдаг. Маргааш өдөр нь өнөөдрийнхөө боссон цагаас 30 минутын өмнө босоод өөртөө хэрэгтэй зүйлээ хийх ч бас амжилт. Амжилтанд хүрэх нууц бол нэг хийгээд орхих биш байнга давтан хийх гэж боддог. “Их битгий хий бага битгий хий өдөр бүр хий” гэдэг шиг. Аливаад амжилт гаргахыг хүсэж байвал бага багаар урагшлах хэрэгтэй. Мөн бүтэлгүйтэл бас амжилтанд хүрэх багш болдог гэж боддог. Хүн алдаанаасаа хамгийн ихээр суралцдаг учир ахин дахин болох хүртэл нь оролдож тууштай байх хэрэгтэй. Тэгж чадвал амжилт өөрөө хүрээд ирэх болно.
-Залуу хүн бүр чадварлаг боловсон хүчин болж, урдах ажлаа сайн хийвэл улс аяндаа хөгжинө гэж ярьдаг. Та чадварлаг боловсон хүчин болохын тулд ямар зарчим барьж суралцсан бэ?
-Миний барьдаг зарчим гэвэл цаг барих. Энэ нь өөрөө маш том соёл, бас бусдыг хүндэлж буй хүндлэл гэж боддог. Аливаад хожигддог цаг барьдаггүй хүн өөрийгөө удирдаж зохицуулж чадахгүй байж бусдыг удирдаж, бусадтай нийлж, хамтран ажиллана гэж байхгүй гэж манай ээж хэлдэг. Мөн хариуцлагатай байдал итгэлийг чухалд тооцдог. Хүн миний итгэлийг битгий алдаасай гэж боддог шиг өөрөө ч бас хүний итгэлийг алдчихгүй юмсан гэж нэлээн хичээдэг.
Орчин үед мэдлэг чадвар чухал ч харилцааны соёл, биеэ хэрхэн зөв авч явах вэ гэдэг зүйл хүнийг хэмжих маш том хэмжүүр болж байгаа гэж бодож байна.
-Монгол залуусынхаа ямар нэгэн зүйлд шүүмжлэлтэй ханддаг уу?
-Манай залуус гадагш л гарвал мундаг хүн болоод ирэх юм шиг боддог. Надад бол орчин үед хувь хүн өөрөө л хөдөлмөрлөвөл мэдлэгийг хаанаас бол хаанаас олж авч чадахаар болж буй нийгэм гэж бодогддог. Тиймээс зүгээр л залуу байгаа дээрээ илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодож байна. Манай залууст маш их нөөц бололцоо байгаа ч залхуу байж магадгүй. Гэхдээ сүүлийн үед хийе, болгоё гээд хөдөлмөрлөж байгаа залуус олон байгаа гэж бодож байгаа.
-Залуу хүний зүгээс үеийн залуус болон дүү нартаа хэлэхийг хүсдэг зүйл бий юу?
-Хэлтэй бол хөлтэй гэгчээр залуу байгаа дээрээ ямар нэгэн хэлийг сайн сурвал ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болно. Яагаад гэвэл олон хэл мэддэг байх тусмаа мэдээллийг маш өргөн цар хүрээнд олж авах боломж нээгддэг. “Сурахын зовлон түр зуурынх, мэдлэггүйн зовлон үүрдийнх гэдэг шиг” залуу байгаа дээрээ илүү их хөдөлмөрлөөрэй гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.