Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн сайн байна уу? Намайг Доржоогийн Батсайхан гэдэг. Айлын дунд хүүхэд. 2007 онд II арван жилийг, дараа нь МУИС-ийг Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
“Бидний цөөхөн Монголчууд” төсөлд ажилласан түүхийг тань сонирхож байна. Төсөлтэй хэрхэн холбогдсон бэ?
Би зураг авах дуртай. Сонирхлоороо авсан зургаа цахим хаягтаа оруулдаг байлаа. Дэглий цагаан нисэх онгоцны буудалд гэрэл суулт цахилгааны техникч мэргэжлээр дөрөв орчим жил ажилласан. Ажилдаа яваад, гэртээ ирээд гэх энгийн цикл амьдралаар амьдрах уу, эсвэл циклээ өөрчлөх үү гэж удаан бодсоны эцэст 2017 оны хавар ажлаасаа гарсан даа. Газар авч, жимсний мод тарилаа. Тухайн үед сайн цалинтай ажлаасаа гарлаа гэж ойр дотнын хүмүүс шүүмжилсэн. 30 нас хүрэхээсээ өмнө хүссэнээ хийж, өөрийгөө сорих хүсэл салахгүй хэвээр. Nikon5100 камер авч, хоббигоороо зургаа дараад л, модоо услах, арчлах ажлаа ч орхигдуулахгүй хийсээр. Тэгтэл арван нэгдүгээр сарын үед Увс аймгийн группт “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг зурагчин хайж буйгаа нийтэлсэн байв. Бусад аймгаар биш ч гэлээ өөрийнхөө аймгаар ядаж нэгдээд хамт явъя гэж бодоод холбогдтол ирээд уулзаач гэсэн. Төслийн санаачлагч М.Зоригт гэдэг хүнтэй оройн 10 цагт буудалласан газар нь очиж уулзлаа. Сонирхогчийн хэмжээнд зураг авдаг намайг төслийн баг багтаа авч, Увсаар дараа нь бусад аймгуудаар явахыг санал болгосон. Энэ бүхэнд эхнэр минь маш их дэмжсэн. Намайг удаан хугацаагаар яваад ирэхэд хүүтэйгээ үлдэж чадах уу гэтэл “тэгээ, яваад ирээ” гэсэн. Ингэж л төслийн нэг хэсэг болсон доо.
Уншигчид маань энэхүү төслийн зорилгыг сайн мэдэхгүй байх. Товч тайлбарлахгүй юу?
Энэхүү төслийн гол зорилго нь зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа монголчуудын одоогийн амьдралын байгаа байдал, ажиллаж, амьдарч буй талаарх маш өргөн хүрээтэй ярилцлага, сурвалжилга, дүрс бүхий дата мэдээллийг үүсгэж байгаад л гол агуулга нь байгаа юм. Ерөнхийдөө ирээдүйд чиглэгдсэн, ирээдүйд үүнийг баримт болгон ашиглах юм.
Төслийн хүрээнд хэчнээн газраар явав?
Миний хувьд гурван жилийн хугацаанд найман аймгийн 170 сум, Японы зургаан хот, Оросын Буриад, Өвөр байгалийн хязгаарын Чита, Агын Буриад мөн ӨМӨЗО-ы Баяннуур зэрэг газруудаар явсан.
Монголын бүх аймаг сумд, түүнчлэн гадаад орноор явжээ. Тэр үеийн сэтгэлд хүрсэн, огшоосон, догдолмоор мөчүүдээсээ хуваалцаач.
Японд байх үед нэг эгч бидэнд заавал цай, хоол өгмөөр байна гэж холбогдоод Япон дахь элчний газарт сүүтэй цай, хуушуур авч ирж өгсөн юм. Бид ярилцлага авах гэтэл нөхөр хүүхдийн хамт зөвшөөрөлгүй олон жил болсон болохоор яриа өгөхгүй, дүрсээ авхуулахгүй, оронд нь хүүхдүүдийн маань зургийг аваарай гэж билээ. Уйлж, дуулж, ярилцаж, гэрт нь нэгэн сайхан үдшийг өнгөрүүлсэн дээ. Бас Токио хотын Шова охидын сургуулийн профессор, монгол судлаач Хөхбаатар багш монгол оюутнуудыг цуглуулчихсан байна хэмээн дуудахад яваад очсон юм. Гэтэл Өвөрмонгол оюутнууд байв. Би ч гайхаад, тэдний яриаг сонсох хүртлээ “монгол” оюутнуудын талаар л бодож байлаа.
Хүүхдүүд хоббигоороо ажиллах уу, хоббигоо хойш нь тавиад ажиллах уу гэдэг шийдвэрийг гаргахын тулд их эргэлздэг. Инженер мэргэжилтэй ч хоббигоо хөгжүүлж гэрэл зурагт дурласан туршлагаасаа зөвлөөч.
Юуны түрүүнд их сургуульд сурч, мэргэжлээр мэргэших хэрэгтэй. Залуу хүмүүс мэдээж хэрэг “галзуу” зоригтой, шийдэмгий. Хобби, мэргэшсэн мэргэжлээ хослуулахад л хөгжихөөр хүмүүс. Үргэлж суралцах хэрэгтэй. Оюутны дөрвөн жил маш чухал үе. Цахим орчныг ашиглаад хүртэл өөрсдийгөө хөгжүүлдэг болсон байна. Үнэхээр цуцашгүй, эрч хүчтэй, мундаг байна. Манай төслийн гишүүдийн 80-90 хувь нь залуу хүмүүс. Залуу насаар л Монголыг хөндлөн гулд туулсан даа. Хоббигоо ажил болгох гэж буй бол зах зээлээ сайн судлах хэрэгтэй. Учиргүй хоббигоо гээд дайраад байж болохгүй.
Z үеийнхний хувьд суралцах хүсэл ихтэй хэдий ч гадаадад л сурвал мундаг, сайхан амьдран гэж боддог нь цөөнгүй. Монголд болон гадаадад сурч буй монгол сурагч, залуусын ялгаа, туршлага таны нүдээр хэрхэн харагдаж байсан бэ?
Энэ их чухал асуулт байна. Ковид-19 вирусээс болоод гадаадад байгаа хүмүүс маань эх орноо л зорьж байна шүү дээ. Тэнд ажиллаж, сурч, амьдарч байгаа хүмүүс сурах, мэдэх хэрэгцээгээ хангаж аваад л нутаг буцна гэдэг. Улсаа хөгжүүлэхийн тулд мэргэшиж байна шүү дээ. Тэгэхээр одоогийнх шиг эрсдэлтэй үе ирэхэд эх орон руугаа буцахыг хүсэж байна. Манай арван жилийн сургуулиуд хүүхдүүдийг илүү дэмжээд, хөгжүүлээд өгөөсэй гэж хүсдэг. Өмнөговь аймгийн Сэврэй сумын сургуулийн талаар яримаар байна. Яагаад гэхээр тэд олон төрлийн дугуйлан хичээллүүлдэг. Нийт сурагчдын 90 хувь нь хамрагддаг. Энэ нь тэд шинээр нэг зүйл сурч, өөртөө дадал болгож, яваандаа ямар нэг байдлаар ашиглаж болохуйц өөрийгөө хөгжүүлж буй хэрэг л дээ. Манай аймгийн хувьд хангалттай санагддаггүй. Сурагч байх үеэс л зөв сайн дадлыг зуршил болгох хэрэгтэйг ойлгуулбал залуус маань өөртөө илүү итгэлтэйгээр эх орондоо ч сайн боловсрол эзэмшиж чадна гэж боддог.
Гурван жилийн өмнөх Батсайхан, одоогийн Батсайхан хоёрт хэр их ялгаа байна вэ?
Нэлээн ялгаатай шүү. Дээр ярьсанчлан өмнө нь хайрцаглагдсан нэгэн байсан. Харин одоо арай өөр өнцгөөс, аливаа зүйлийг харж, бодож, ярьж байна. Улс, аймгийнхаа хөрсөнд буулгаж болохуйц бүтээн байгуулалт, хөгжил, бизнес гэх мэтийг бодох жишээтэй. Одоо бол би 30 нас хүрчихлээ. Хүүхдүүд том болж, сургуульд сурах цаг ч болж. Өмнөх хорин настай байх үеэ бодвол илүү хариуцлагатай шийдвэр гаргах үе ирж байна гэсэн үг. Харсан, туулсан хорин насныхаа туршлагаар эхнэртэйгээ хамт цаашдын арав, хорин жилийн төлөвлөгөөгөө гаргах гэж байна даа.
Бидний саналыг зөвшөөрөн, цаг гарган ярилцсанд баярлалаа.
Урьсан та бүхэнд ч мөн баярлалаа. Бидний сонголт нийгэмд нөлөөлөх учраас залуус маань сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцоосой гэж хүсэж байна. Мөн маскаа зүүж, гараа сайтар угаагаарай