Өнгөрсөн сарын НӨАТ-ын сугалааны тохирлоор Улаангом сумын тавдугаар багийн иргэн Л.Баярмаа гурван сая төгрөгийн азтан болжээ. Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн баримтаараа сугалаанд оролцож азтан болсон байна. Он гарсаар Увс аймгийн 876 хүн НӨАТ-ын сугалааны тохирлоор азтан боллоо. НӨАТ-ын буцаан олголтыг жилээр олгож байхад баримт бүртгүүлж буй хүмүүсийн идэвх оны эцсээр огцом нэмэгддэг байжээ. Харин улирлаар олгож эхэлснээр хүмүүсийн баримт бүртгүүлж буй идэвхийг тогтмол байлгахад эерэгээр нөлөөлж байгаа нь ажиглагдсан байна. НӨАТ-ын сугалааны тохирлоор Увс аймгаас 150 орчим хүн сар бүр азтанаар тодорчээ. Өмнөх жилүүдэд дунджаар 70 орчим хүн азтан болж байсан юм. Хоёрдугаар улирлын буцаан олголтыг “Долдугаар сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ” гэсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас өгсөн.
Улаангом суманд эмийн сан, ШТС, үүрэн телефоны газрууд, Цэлмэг, Тэнгэр, Бэлбулаг, Хишигт 1,2 супермаркетууд НӨАТ-ын баримтаа сайн өгч байна. Харин НӨАТ-ын баримтаа өгдөггүй газруудад Татварын хэлтсээс хяналт шалгалт хийж ажиллаж байгаа бөгөөд он гараад 13 газарт 87,1 сая төгрөгийн торгууль оногдуулаад байна.
Улаангомын захуудад хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс интернетийн орчин нөхцөл муу, өвлийн улиралд баримт гаргах машин хөлддөг гэх мэт асуудлаас үүдэн НӨАТ-ын баримт өгдөггүй байсан. Энэ нь худалдан авагчдаас шүүмжлэл дагуулдаг. Өнгөрсөн гуравдугаар сарын нэгнээс “Татварын удирдлагын нэгдсэн систем” шинээр нэвтрүүлснээр бизнес эрхлэгч иргэдийг татварын шинэ систем болон и-баримтын системд бүртгэж эхэлсэн бөгөөд төлбөрийн баримт олгох техникийн болон сүлжээний асуудлыг шийдвэрлэх боломжтой болжээ.