Гэрлээ асаая

Аймаг, сумын итх-д нэр дэвшихийг горилж буй төрийн албан хаагчид ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч эхэллээ

2020-07-16

 

         Монгол Улсын Их Хурлын 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр гэж баталсан. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын сонгуулийн тухай хуулийн 28, 28.4-т ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч нь дараах албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн наймдугаар сарын нэгний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар заажээ. Тодруулбал:

Төрийн жинхэнэ албан хаагч

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан

Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн

Засгийн Газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн зэрэг ажил эрхэлж буй хүмүүс үүнд хамаарагдаж байна.  

Төрийн салбар зөвлөлд төрийн албан хаагчид ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа эсэх талаар Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээс тодрууллаа.

Аймаг, сумын ИТХ-д нэр дэвшихээр төлөвлөж байгаа ТАХ нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна уу?

Хүсэлтийг наймдугаар сарын нэгэн хүртэл авах учраас одоо хүмүүс өгч эхэлж байна. Гэвч албан тушаалаасаа бүр чөлөөлөгдөх учраас Төрийн жинхэнэ болон үйлчилгээний удирдах албан тушаалтнуудын хувьд энэ нь маш хариуцлагатай шийдвэр байдаг. Өөрөө хүсэлтээ өгсөн учраас эргээд төрийн албанд ажиллахаар бол заавал эхнээс нь шалгалт өгч ороход хүрдэг.

Одоогоор ямар албан тушаал эрхэлж байгаа  хүмүүс хүсэлтээ өгөөд байна вэ?

Төрийн жинхэнэ албан хаагч болох агентлагийн дарга нар, үйлчилгээний албаны удирдах албан тушаалын хүмүүс болох сургуулийн захирлууд хүсэлтээ өнөөдрийн байдлаар өгөөд байна.

Хуульд зааснаар Засгийн Газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүд наймдугаар сарын нэгнээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр заасан байсан. Манай аймагт ийм төслийн нэгж хэд байдаг вэ?

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэд хэдэн төсөл бий.

Мэдээлэл хуваалцсанд баярлалаа.

          Наймдугаар сарын зургааны өдрөөс өмнө таваас долоон хүний бүрэлдэхүүнтэй Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог, наймдугаар сарын 16-ны өдрөөс өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа өмнөх жилүүдэд 22 хоног байсныг энэ жил 15 хоног болгон багасгаж, орон нутгийн сонгууль нь намар орой болдог зэрэг асуудлыг харгалзан санал хураалтыг 20 цагт хаахаар хуулинд заасан байна. Нэмж дурдахад орон нутгийн ИТХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд зохион байгуулна. Ингэснээр  2020 оны есдүгээр сарын зургаанд аймаг, сумын  ИТХ-д нэр дэвшигчид тодорно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.