Цэдэнбалын талбай, Бурхан багшийн Цэцэрлэгт хүрээлэн, Х.Баянмөнх аваргын хөшөө цогцолбор, аймгийн музей зэрэг газрууд хөл хөдөлгөөн ихтэй. Аялж байгаа хүмүүсийн Улаангомд очдог газрууд нь ингэсгээд шувтарна. Аяллынхаа дундуур ажлаа амжуулах хэрэг гараад “Creative hub” хамтын оффис гэж сурагласаар ирлээ гэсээр хүмүүс орж ирэх. Кофе уунгаа ажлаа амжуулж, аяллын сонин сайхнаа ярина. Ингээд аяллын компаниар, найзуудтайгаа үүргэвчтэй, хувийн унаагаар гээд өөр өөр нөхцлөөр аялж яваа аялагчдын увсад аялсан мэдрэмжийг хуваалцаж байна.
Д.ХУЛАН: БАЙГАЛЬД ХӨЛИЙН МӨРНӨӨС ӨӨР УЛ МӨР ҮЛДЭЭХГҮЙ АЯЛААСАЙ
Аялалын компаниар дамжуулан Увсаар аялсан. Найз залуутайгаа үерхсэн ойн баяраа аялж тэмдэглэхийн тулд жилийн турш мөнгөө цугтаа хадгалсан. Увсад Монголын хамгийн том нуур болох Увс нуур, Хяргасын Хэцүү хад гээд байгалийн үзэсгэлэнт газруудтай учир аялагчдын заавал очиж үзэх газруудын жагсаалтын эхэнд байдаг болов уу. Би хоёр дахь удаагаа л увсад ирж байна. Ер нь увсынхан их гэр бүлсэг хүмүүс юм шиг санагдсан. Уламжлалт соёлд нь хүртэл нэвт шингэсэн мэт. Найр наадмаа хамаатан саднаараа цуглан, элбэг дэлбэг хийдэг гэдгээрээ онцгой юм болов уу. Манай эмээ увсынх. Тийм болохоор найранд ирэх үеэр ихэнхдээ хардаг дүр зураглалаа олж харсаан. Бас чацаргана, жамц давсаараа алдартай юм билээ. Увс нуур, Хяргас нуур бол үнэхээр очоод харамсхааргүй, хүлээлт давсан, сайхан нуурууд байлаа. Хяргас нуур руу очиход нойлын асуудалтай, энд тэнд бохирддсон харагддаг. Тиймээс аялагчид маань хөлийн мөрнөөс өөр ул мөргүй аялах нь маш чухал. Ер нь хаана ч очсон ухамсартайгаар байгалиа сүйдлэхгүй, бохирдуулахгүй, аялах хэрэгтэй.
Ц.ЦЭВЭЭНРАВДАН: АЯЛЛЫН МАРШРУТЫН ДАГУУ НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ БОЛООСОЙ
Найзуудтайгаа үүргэвчтэй аялал хийгээд явж байна. Манай аав, ээж увсынх. Би 2010 онд ирснээс хойш энэ зун ирж байна. Байгалийн сайхныг үзээд аяллын бэрхшээлийг даван туулаад, найзуудтайгаа гоё дурсамж бүтээж байна. Бид байгалийн сайханд шимтдэг, биширдэг мөртлөө хайр найргүй бохирдуулдаг сэтгэл эмзэглүүлсэн. Уул овоо шүтэх мөртлөө орой дээр нь архины шил дүүрчихсэн, хэцүү хадны эргэн тойронд хаа сайгүй хүндээр бие засчихсан гэх мэт хүмүүс биднээс шалтгаалах зүйлс их байна. Улаангомд ирээд хийд, музей үзсэн. Маш их таалагдсан. Зогсоо хайрхны хоол нь амттай, порц ихтэй байсныг тэмдэглэж хэлмээр байна. БАйгальдаа ээлтэй эко аялцгаая гэж уриалъя. Өө нээрээ бид нэг хүний 400 мянган төгрөг зарцуулан маш дурсамжтай аялж байна. Хэрвээ аймаг дотроо аялагчдын очихыг хүсдэг газрууд руу нийтийн тээвэртэй болчихвол бүр нь зардал хэмнэж болмоор юм шиг. Хөгжилтэй, хэцүү гээд аяллын турш тохиолдож байгаа бүхнээ “...тавилан юм даа” гэдэг үгээр цайруулж явна. Бас манай найзууд даарахаараа “китгээ” гэж хэлдэг болсон.
Б.ХУЛАН: САЙХАН НУТГИЙН САЙХАН ЧИГЭЭР НЬ БАЙЛГАХСАН
Манай найзын оюутны үеийн найз нь Увсад гэртээ урьсан. Бас Увс руу ирэхэд засмал замтай гэдэг нь маш их нөлөөлж Улаанбаатараас гурвуулаа наашаа автобусанд суугаад л ирсэн. Ер нь аялалаа нарийн төлөвлөөгүй учраас үзэхийг хүссэн газруудаа судалж байгаад л унаа тэргээ олж явсан. Хархираа уул, Бор хайрхан, Хэцүү хад, Хяргас болон Увс нуур, Гурван тээлийн гол зэргийг үзсэн. Дундуур нь Улаангомд ирж цааш яахаа төлөвлөж, унаа хайсан. Аялагчдын очихыг хүсдэг газруудаар маршрут гаргаад Увс дотроо нийтийн тээвэртэй байвал гоё санагдсан. Аяллын гурав дахь өдөр нь Увс аймгийн музейг тайлбарлагчтай нь үзсэн. Үнэхээр сонирхолтой бас Увс аймгийн тухай, угсаатнуудын соёлын тухай мэдээлэл гайгүй авсан. Ер нь музей нь их таалагдсан, заавал үзмээр юм байна лээ. Хамгийн онцлог зүйл нь гэрийн доторх ахуйн зүйлүүдтэй үзмэр байсан. Бас үнээний сүүгээр айраг хийдэг тухай анх удаа сонссон шүү. Хөхүүрийг архад гэдэг юм байна лээ. Тэгээд тэр өдрөө явсаар байгаад Бор хайрханд байдаг хөдөө айлд очсон. Үнэхээр ажилтай, сайхан айл. Ороод шууд нөгөө музейд үзсэн үзмэрүүдээ амьдаар нь харж, хэрэглэж үзсэн ш дээ. Зөндөө дайлуулж, бас олон зүйл сонссон, манай найзууд айраг бүлж сурсан. Би шимийн архи хийхийг харсан хажуугаар нь харсан. Улаангомд найзынхаа оюутан найзынд ирсэн байна. Бас л сайхнаар угтаж, танихгүй хүмүүс атлаа сэтгэлд дулаахан санагдаж байна. Ер нь Увсын хүмүүс их яриа, нутгийнхаа тухай хөөрөлдөж суух их дуртай санагдлаа. Юм асуухаар сайхан дэлгэрэнгүй ярьж өгөх юм. Увс руу аялах гэж байгаа бол сайхан дээлтэй, гоё хувцастай ирээрэй. Би хувцасгүй шахуу ирсэн, зураг маруухан дарууллаа. Бас нууранд орох гэж байгаа бол усны хувцсаа мартваа. Бидний явсан газраар Мобикомын сүлжээ илүү сайн барьдаг юм байна. Ер нь бусад зүйл санаа зоволтгүй байх аа. Аймгийн төв нь том болохоор хэрэгтэй юмнуудаа эндээс авчихна. Харин энд тэнд хог битгий хаяарай. Нуур, голын ойролцоо бие засахдаа бодолтой байгаарай. Ер нь сайхан нутгийг сайхан чигээр нь байлгахсан.
Б.ГАНТУЛГА: ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН АЯЛААРАЙ
Би увсынх. Бид эрэгтэй найзуудаараа нийлээд нутгийнхаа байгалийн сайхныг зорьж ирж үзлээ. Бидний аяллын нэг номерт Нарийны эхийг үзэх байсан. Элсэн дундаас эх авсан 100 гаруй километр тасралгүй урсаж Увс нуурт цутгадаг. Үнэхээр биширмээр, бахархмаар тогтоц. Мөн зам зууртаа Хустын голын эхийг үзсэн. Мөн л элсэн дундаас эх авдаг. Элсэн дундаас эх авдаг ийм голууд Зүүнговь их байдаг юм билээ. Дараа нь бид Түргэний уулсаар аялсан. Хангай, говь, тал хээрийн аяллыг Увсад ирээд л мэдрэх боломжтой. Хамгийн гол нь аялагчид маань хогоо битгий хаяарай. Амарсан, тухалсан газрынхаа хогийг цэвэрлээд яваарай л гэж захимаар байна. Хог хаях битгий хэл муу үг хэлэмгүй газрын диваажин шүү дээ Увс чинь.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АЯЛАГЧДЫН ХӨЛД ДАРАГДАЖ БУЙ УВС АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД