Энтертайнмент

ХӨЛ БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЖИМЭЭР

2020-07-10

    Дэлхийн хамгийн олон хүнийг хамарсан спорт бол "Хөлбөмбөг"-ийн спорт. 2022 онд Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Катар улсад зохиогдох билээ. Нийт 21 удаагийн Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн зохиогдож байсан юм. Тэгвэл энэ бүх хугацаан дахь Дэлхийн аваргын тэмцээний талаар цувралаар та бүхэнд хүргэе. 

ОРШИЛ ХЭСЭГ.

FIFA БАЙГУУЛАГДСАН НЬ.

    XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цөөн хэдэн улсыг хамарсан хөлбөмбөгийн тэмцээнүүд зохиогддог байжээ. Үүнтэй зэрэгцэн 1863 онд олон улсын холбоо байгуулах санаа гаргасан ч Англи улс хэдийн өөрсдийн холбоотой болсон байв. Үүний улмаас олон улсыг хамарсан хөлбөмбөгийн холбоотой болох шийдвэр олон жил яригдсаны эцэст Францын спортын сэтгүүлчдийн ерөнхийлөгч Робэр Гэрин нөлөө бүхий Европын улсуудад нэгдмэл нэг холбоотой болох саналыг тавьснаар хэд хэдэн орон дэмжжээ.

/Robert Guerin. 1904-1906/

Robert Guerin

1904 оны тавдугаар сарын нэгэнд Франц-Бельгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтын үеэр сэтгүүлч Гэрин бусад улсын холбоог урив. Ийнхүү тухайн тоглолтоос хорин хоногийн дараа Парисын Рэ Сэн Онорэгийн 229-р байшинд байрлах Францын спортын сэтгүүлчдийн холбооны байранд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо /ОУХБХ/ албан ёсоор байгуулагджээ. Үүнээс хоёр хоногийн дараа буюу 23-ны өдөр албан ёсны анхдугаар чуулган хуралдаж, ерөнхийлөгчөөр Р.Гэрин, дэд ерөнхийлөгчөөр В.Шнайдэр, К.Хиршман, ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Мулинхаус, Л,Силов нар томилогдсон.

FIFA-ГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Эдгээр анхдагчдад туршлага байгаагүй тул Англичуудыг холбоонд элсүүлэх шаардлагыг нэн тэргүүнд тавьжээ. Жилийн дараа буюу 1905 оны дөрөвдүгээр сард Англичууд гишүүнээр элсэв. 1905 оны зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд хоёр дахь чуулган Парист болжээ. Нэг жилийн хугацаанд Герман, Австри, Итали, Унгар, Шотланд, Вэйлс, Ирланд, Англи зэрэг улсууд бүрэн эрхт гишүүн орнууд болоод байв. 1906 он хүртэл санхүүгийн хямралаас үүдэн нэг ч тэмцээн зохион байгуулж чадаагүй тул Р.Гэрин ажлаа хүлээлгэн өгчээ. Улмаар Английн Даниэл Вулфолл дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 1908, 1912 онд хөлбөмбөг олимпийн наадамд орж, Англичууд түрүүлсэн ч үзэгчид үүнийг үзүүлэн тоглолт маягаар хүлээн авч байв. 1912 онд Аргентин, Чили, 1913 онд АНУ гишүүнээр элссэнээр ОЛОН УЛСЫН гэх тодотголд дөхөж очжээ.

     Дэлхийн I дайн болж, ерөнхийлөгч Д.Вулфолл нас барсан зэрэг үйл явдлууд ОУХБХ-ны үйл ажиллагааг зогсонги байдалд оруулжээ. Удаан хугацааны турш ерөнхийлөгчгүй явсан ОУХБХ-ны шинэ ерөнхийлөгчөөр Жюл Римэг 1921 онд томилсон нь хөлбөмбөгийн ертөнцийг амжилтад дагуулав. Анхны Дэлхийн аваргын ажлыг ерөнхийлөгч өөрөө гардан хийсэн ба энэхүү саналыг 1928 оны Амстэрдамын чуулганаар гишүүн орнууд бүгд дэмжжээ. Зохион байгуулагч орноор Итали, Испани, Нидерланд, Унгар, Уругвай, Швед зэрэг улсууд нэрээ дэвшүүлснээс 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Уругвай улс сонгогдсон байна.

/Jules Rimet. 1921-1954/

jule rimet

Ийнхүү анхны Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Уругвай улсад зохиогдохоор болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.