Гэрлээ асаая

ЭМЭГТЭЙЧҮҮД ӨӨРИЙГӨӨ “ХАЙРЛАХ”-Д СУРАЛЦАЖ БАЙНА

2020-07-07

Өрхийн хөгжлийг дэмжих зорилготойгоор 15 жилийн турш Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй "Сайн тус” ТББ сүүлийн үед эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд эмэгтэйчүүдэд зориулсан “Өөрийгөө хайрлахуй” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын талаар “Сайн тус” ТББ-ын тэргүүн Д.Дулмаагаас тодрууллаа.

Сургалтын талаар мэдээлэл өгнө үү?

“Хөөрхөн зүрх” ТББ-аас бэлтгэн гаргасан “Бидний дуу хоолой” эмэгтэйчүүдэд зориулсан бүтээлч дэвтрийн хүрээнд “Өөрийгөө хайрлахуй” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Улаангом сумын 12 багаас 15 эмэгтэйг төлөөлөл болгон авч, сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын гол зорилго нь эмэгтэйчүүд тус дэвтрийг ашиглан өөрийгөө хайрлах аргад суралцах, өөртөө цаг гаргах, өөрийнхөө цагийг зөв зохистой ашиглахад чиглүүлэх, дэмжих зорилготой. Сургалтанд оролцох эмэгтэйчүүдийг багийн дарга, өрхийн эмч, Улаангом сумын эрүүл мэнд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй санал солилцсоны үндсэн дээр сонгож авсан.

Оролцогчид хэр сонирхож байна?

 Эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй сургалт болсон бөгөөд эмэгтэйчүүд стресст их өртөж байгаа шалтгаануудын нэг нь  өөртөө цаг гаргаж чаддаггүйтэй холбоотой. Өөртөө цаг гаргаж чадахгүй байна гэдэг нь өөрийгөө үнэлж, хайрлаж чаддаггүй гэсэн үг. Тиймээс эмэгтэйчүүдийг чиглүүлж, дэвтэртэй ажиллуулах маягаар асуудлыг тодорхойлж байгаа учраас оролцогчдод сонирхолтой байсан. Цаашид анхаарах зүйл бол сургалтанд хамрагдсан хүмүүстээ мэдээллээ маш өргөн хүрээнд хүргэх шаардлагатай нь харагдаж байна. Мөн охид, эмэгтэйчүүдтэй ажилладаг төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, бүр цаашлаад төр нь эмэгтэйчүүдээ илүү хөгжүүлэх, чадваржуулах тал дээр ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

          Цар тахлаас үүдэн тус сургалтыг оролцогчдыг олноор цуглуулахгүй байгаа бөгөөд ирсэн тэдний гарыг ариутгаж, маск тарааж, хүн хоорондын зайг баримтлан сургалтаа явуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.