Хүний түүх

Л:ЦОГТСАЙХАН: МӨНГӨӨ ХУРИМТЛУУЛАХЫН ЧУХЛЫГ ХЯТАДАД ОЙЛГОСОН

2020-07-07

 

 
Маргааш  яг бидний төсөөлж байгаа шиг байдаггүй. Заримдаа төсөөлснөөс сайхан байхад төлөвлөснөөс тааруу байх нь ч бий. Маргааш юу болохыг мэдэхгүй ч хуримтлуулсан туршлага, алдаа оноо, өөдрөг тэмүүлэлдээ хөтлөгдөн хүн бүр маргаашдаа бэлдэж, төсөөллөөрөө ирэх цаг хугацааг бүтээдэг.  Өнгөрснөөс, өнөөдрөөс  сайхан маргааш ирнэ гэдэг итгэл унтардаггүй.
Хамаг бүхнээ шавхаж хавдрын эмчилгээ хийлгэсэн нэгэн эмэгтэй хэдэн жилийн нас нэмснээ мэдэхгүй нь айдас. Тэр айдас нь өөрийг нь энэ хорвоогоос явсны дараа үр хүүхэд, ханьдаа өнчрөлийн гашууныг мэдрүүлэхгүйн тулд хөлөө чанга гишгэж, сэтгэлийн хаттай байх шалтгаануудыг бэлдэхэд хүргэжээ...

Ийм л нэг сайхан ханиа саначихсан, үгүйлчихсэн орж ирэх шиг санагдав Л.Цогтсайхан ах. Түүний яриаг хийх ажилдаа яарсхийн сонсож эхэлсэн боловч  зарим хэсэгт нь зүрх шимширч, зарим үед бахархан нулимс дүүрч сонслоо.

Өвчинтэй, мөнгөгүй, гадаад хэлгүйн зовлонг ах нь биеэрээ мэдэрсэн.  2007 оны сүүлээр ханийгаа Хятадад эмчлүүлэхээр очлоо. Хаана, яаж өвдсөнөө, бие засахаа хэлэхэд хүртэл бид хоёр мөнгө төлж байсан. Хятадад очоод гурван сар болоод ах дүүгээсээ цуглуулсан  50 гаруй сая төгрөгөөс сүүлчийн 10 юань дуусахад эхнэрт минь хийж байсан шингэнийг талдаа ороо ч үгүй байхад нь зогсоож билээ. Тэгээд л хүмүүсээс мөнгө хайж Монгол руу утасдана. Бидэнд дахиад 30 сая төгрөг хэрэгтэй учраас байраа барьцаалж нэмж зээл авсан. Явж явж амьд үлдэхийн төлөөх тэмцэл өрнөж байлаа.. 

              Мөнгөтэй боллоо. Эмчлүүлээд 2008 оны гуравдугаар сард Монголдоо ирэхэд хагалгааны зардлын 50 хувийг төрөөс буцааж өгсөн. “Эрүүл саруул болсон ч өрөө яаж дарна даа” гэсэн  бодол хүнийг тайван байлгадаггүй юм билээ. Аймгийн дарга байсан Л.Тогоо эхнэрээ эмчлүүлээд ирэх хүртэл цалинтай чөлөө олгож, эхнэрийн ажлын газраас  ч их дэмжлэг үзүүлсэн. Ингэж олны дэмээр босож ирсэн дээ.

Кофе уусан аягандаа нэмж ус дүүргээд чимээгүй сууж байлаа. Хүнд мөнгөгүйн, хэлгүйн, өвчин ирэхийн  зовлон бий.., Цогоо ахын ярианд улам шимтэнэ. Тэгээд цаашаа яах бол... юу хэлэх бол... эхнэр нь хэдэн жил амьдарсан бол...

Ах нь дотроо уудалмаар санагдчихлаа. “Өр ширээ ч цэгцэллээ хоёулаа хүүгээ хэл устай хүн болгоё, Хятадад сургая” гэдэг шийдвэрийг эхнэр минь баярлан дэмжив. 2010 онд манай хүү 10-р ангиа төгсөхөд Хятадад тэтгэлэгтэй сургана гэсэн мэдээллийн дагуу таван мянган доллар төлөөд хэлний бэлтгэлд явуулсан. Жил боллоо. Хүү нэг өдөр залгав. “Ааваа хэлний бэлтгэл дууссан. Их сургуульд тэтгэлэг өгөхгүй юм байна” гэж байна. Дахиад л эхнэр бид хоёр ярилцав. Зээл авч сургах уу? Хүүдээ үнэнээ хэлж, итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлэх үү? гээд л... Ингээд бид хүүгээ Монгол руу авч, Улаанбаатарт ресторанд ажилд оруулаад, англи хэлний бэлтгэлийн 550 мянган төгрөг төлөөд “...дахиад аав ээж хоёроосоо юм харалтгүй шүү. Ажлаа сайн хийгээд, англи хэл сур. Хавраас Хятадын засгийн газрын тэтгэлгийн шалгалт өг. Түүнд л тэнцээд Хятадад очиж заавал сураарай” гэж захих, үүрэгдэхийн завсар хэллээ.

Чимээгүй суусаар...  шалгалтдаа тэнцсэн болов уу...?...Эхнэр нь яасан бол...?

Хятадын засгийн газрын шалгалт авах  өдөр ч боллоо. “Эхлээд математик өгсөн гайгүй  байх, гэхдээ бусад шалгалтаа муу хийлээ.  550 гаруй хүүхэд өгсөн. Ааваа одоо Хятад тэтгэлгээр сурах өнгөрлөө” гэсэн сулхан дуутай ярьж байна. Би “ ямар арчаагүй юм. Тэгвэл дахиад жил хүлээ. Өөр яах вэ ” гэлээ. Маргааш өглөө нь овоо сэргэлэн залгалаа. “Ямар ч байсан ярилцлагад орох 70 хүүхдийн дунд багтжээ. Маргааш ярилцлагатай. Англи хэлээр биш Хятад хэлээр өгнө”  гэж байна. Би их юм хэлсэнгүй. Хэлний бэлтгэлд суусан хүн гайгүй биз гээд орхилоо. Ингэж л хүү минь Хятадад тэтгэлгээр бакалавраа дүүргээд мастертаа сурч байгаа даа. Одоо эхнэртэй, хүүхэдтэй болсон. Өнгөрсөн зун ирээд явлаа.

Эхнэр тань хэзээ бурхан болсон вэ... гэж асуух зүрх хүрэхгүй чимээгүй суусаар...

Ямар ч байсан хүүгээ Хятадад тэтгэлгээр сурахыг харсан даа хань минь. 2013 онд бурхан болсон. Бид зуны цагт Тэс рүү ах дүү рүүгээ явна. Тэгэхэд дүү нараасаа “...эгчдээ ганц хоёр хурганы арьс байвал илүүчлээрэй”гэдэг байлаа. Би ч тоохгүй “...дээлд хүрэхгүй хоёр гурван юм амьтнаас гуйгаад” гэж хааяа зэмлэнэ.  Тэгтэл бурхан болохоосоо өмнө охиндоо, хүүдээ, бүр ирээдүйн бэрдээ хүртэл хурган дээл бэлдчихсэн байж билээ. Хэзээ ч харж байгаагүй хадам ээжийнхээ өөрт нь зориулсан дээлийг өмсөх бэрд минь гайхамшигтай, хүүд минь элэг бүтэн, дулаахан харин надад бахдам мэдрэмжийг өгсөн дөө. 

Сэтгэлд хурсан хөнгөн гуниагаа гөвж, хөхиүнээр инээгээд “...одоо ч тэтгэврээ хүлээж байна даа” хэмээн ярианы сэдвээ өөрчлөв. Төрд олон жил ажилласан юм чинь та ч овоо л тэтгэвэр авах байх даа?гэж асуулаа

Цогоо ах инээнгээ “Тэтгэврийн их бага нь юундаа байдгийг мэдэх үү? Хэдэн жилийн өмнө нягтлан Өлзий ахаас тэтгэвэрт гарсных нь дараа би чиний сая надаас асуусныг асуусан юм. Тэгтэл Өлзий ах Цогоо тэтгэврийн их бага хэдэн жил түүнийгээ “идэж” байна гэдэгтээ байдаг юм. Гурван саяын тэтгэврийг гурван жил идэх үү, 300 мянгын тэтгэврээ 30 жил идэх үү гэж хариулсан юм даа”.

Бидний яриа ингээд өндөрлөв. Сэтгэлд хүрсэн, бусдаас бус өөрөөсөө шалтгаан эрсэн чин сэтгэлийн “хүүндээн” байлаа. Ярианыхаа төгсгөлд  Цогоо ах “...Тээр жил урд эхнэр бид хоёрыг явж байхад орчуулагч Өвөрмонгол бүсгүй Монгол, Хятад хоёр хүний ялгааг хэлсэн нь санаанд орлоо. Монголчууд мөнгөө машин, хувцас, тансаглалд харин хятад хүн гурван зоос олбол нэгийг нь хадгаламжид, нэгийг нь эрүүл мэнддээ, үлдсэнийг нь чанарлаг хоол хүнсэнд зарцуулдаг гэж билээ. Тансаглал, зиндаархалд биш эрүүл байхад зарцуулж, ирээдүйдээ зориулан  хуримтлуулахчухлыг Хятадад очоод ойлгосон доо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.