Хүний түүх

Сайнжаргалын Болор: СЭТГЭЛИЙН ДУУДЛАГА МИНЬ САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХЭД ХҮРГЭДЭГ

2020-07-02

Сайнжаргалын Болорыг жил гаруйн өмнөөс мэдэх болсон. “Шинэ үеийнхэн” гэсэн эвентийг  ахлах ангийнхны дунд зарлаж, “Шинэ оюутан” менторшип хөтөлбөрийг санаачлан, 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй түүний түүхийг  та бүхэнтэй хуваалцаж байна.

Сайн уу? Нийгэм болохгүй байгааг шүүмжлэх хүмүүс захаас аван. Гэхдээ түүнийг эерэг болгохын төлөө үйлдэл хийж байгаа нь хуруу дарам. Тэгэхээр сайн дурын ажил эхлэх болсон түүхээс яриагаа эхэлье. 

Оюутан болоод очиход маш их сорилттой тулгардаг. Нутгийн аялга, улаан хацар, амьдрах газар  зэргээс эхлээд хотын соёлд дасан зохицох хүртэл бидний үеийнхэнд тулгарах бэрхшээл их байсан.  Тэдгээрийг зарим нь даван туулахад их цаг зарцуулсан нь ч бий.  Ажлын байранд гарснаасаа хойш л энэ талаар бодоод явдаг байлаа. Нутагтаа, хүүхэд залуучуудын төлөө нэг зүйлийг хийчих юмсан гээд. Гэхдээ яг юу хийх вэ? Хэзээ хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Ирээд л явдаг. Ингэчихвэл гээд хараад өнгөрдөг.  Хөрөнгө санхүүгийн боломжтой болохоороо, сайн боловсрол эзэмшчихээд, илүү туршлага хуримтлуулчхаад гээд  хойш тавьчихдаг.  Гэхдээ тохироо нь бүрдэнэ гэдэг шиг нэг л өдөр  эхэлье гэж зориг орсон. Ингэж “Шинэ үеийнхэн” гэсэн агуулгатай “Шинэ оюутан”-уудад тулгардаг бэрхшээлийг даван туулахад дэм болох зорилготой сургалт, мэдээлэл, бусдын сайн түүхүүдийг дүү нартаа хуваалцах болсоор жил гаран боллоо. Маш олон хүүхдүүд сонирхож оролцож, одоогоор 80  гаруй хүүхэдтэй ажиллаж байна. Нэг л том зүйл хийнэ гээд бодоод байсан учраас эхэлж чадахгүй хугацаа алддаг гэдгийг ойлгосон. Ер цаашид тусгай хэрэгцээт хүмүүсийн олон зүйлийг санаачлан хийхийг хүсдэг. 

Улаанбаатараас зөвхөн охидтой ажиллах ажлаар хэд хэд ирсэн. Бас сэтгэл судлаач урьж, зөвлөгөө өгч байсан. Энэ бүхнийг  санхүүгийн ямар эх үүсвэрээр хийдэг вэ?

Би 14 хоног ажиллаад долоо хоног амардаг. Гэр бүлдээ зарцуулах цагаасаа охидтой ажиллахын тулд зориод ирдэг байлаа. Ахлах ангийн охидтой ажиллаж байгаа нь  албан ёсны зохион байгуулалттай арга хэмжээ болохоос ах дүүгээ гэдэг, мэдсэн сурснаа хуваалцаж, тэднийг чиглүүлэх нь Монголчууд бидэнд байсан л зүйл шүү дээ.  Маш олон талын мэдээллийг өгөхийг зорьсон учраас биечлэн болон цахимаар зохион байгуулсан. Өсвөр насанд тулгардаг бэрхшээл, сэтгэлзүйн асуудлыг хэрхэн даван туулах талаар мэргэшсэн сэтгэлзүйч урьж, охидтой уулзуулсан. Болохгүй байна гэж хошуу нэмэрлэж сууснаас эерэг өөрчлөлт авчрахын төлөө үйлдэл хийхэд улам л урам зориг олж авдаг юм билээ.  Хөрөнгө санхүүгийн хувьд цалингаасаа илүүчилдэг. Өмсөж, идэх хэрэглээнээсээ л хэмнэдэг. Хамгийн гол нь дүү нартаа, хандлагыг өөрчлөх гэсэн сэтгэлийн дуудлага л мөнгөнөөс илүү хүчтэй. Хүүхдүүдийг сэдэлжүүлэхэд, урам өгөхөд, итгэл үзүүлэхэд л ямар их зүйл хийх чаддагийг охидынхоо “Хөгжлийн тулгуур” клубээс харсан. Тэд Юнителээс зарласан тэмцээнд амжилттай оролцож, 1.5 сая төгрөгөөр шагнуулсан.

Өөрийг тань сайн дурын ажил хийдэг гэдгээр мэднэ. Өөрийн ажлын түүхээс хуваалцвал?

Оюутан байхдаа аялал жуулчлалын компанид хөтчөөр гараагаа эхэлсэн. МУИС-ийг орчуулагч, орон судлаач мэргэжлээр төгссөн ч орчуулагчаас Оюутолгойн гүний уурхайн төлөвлөлтийн хэлтэст  төлөвлөлтийн зохицуулагчаар найман жил ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт явуулдаг компанид орчуулагчаар гурван жил ажилласан маань анхны мэргэжлээсээ өөр чиглэлээр хөрвөж ажиллахад их туршлага болсон.

Мэргэжлээсээ өөр чиглэлээр хөрвөж ажиллахад таны ямар ур чадварууд нөлөөлсөн бэ?

Аяллын хөтөч орчуулагчаар ажиллаж байсан минь намайг маш их нээж, хөгжих суурийг бүрдүүлсэн. Манай компанид 33 улсын залуус хамтарч ажилладаг болохоор бусдын ялгаатай байдал, соёлд хүндэтгэлтэй ханддаг, байгууллагын уур амьсгалд дасан зохицож ажиллах чадварууд миньОюутолгойн үндсэн ажилтан болоход чухлаар нөлөөлсөн болов уу.

Гадаад хэл эзэмшсэнээр олон боломжууд нээгддэг.  Хэл хэрхэн сурсан тухайд?

Хэлийг би дурлан мөрөөдөж сурсан. Манай сургуульд  ажилладаг гадаад багштайгаа ярилцах хүсэлд автаж, ээжийнхээ авч өгсөн хоёр номыг ээлжгүй нухаж эхэлсэн дээ. Хэн ч албадаагүй байхад хичээлээс ирээд л хэлээ хийгээд суучихдаг хүүхэд байлаа. Одоо хятад хэл сурах гэж хичээж байгаа ч англи хэл сурсан шигээ шимтэж, төвлөрч чадахгүй  байна. Ер нь хэл сурахад санахаараа хийх биш өдөр бүр тодорхой хугацааг зарцуулж зуршил болгох нь үр дүнтэй.

ЗАЛУУЧУУДЫГ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЭСЭЙ

Өөрийн мэдсэн, сурсан, дуулснаа бусдад хуваалцаж, хүүхдүүдийг тэмүүлэлтэй болгож байгаагаар үнэхээр бахархаж байна. Харин өөрийн тань үлгэр дуурайлал авдаг  байсан хүмүүс хэн байв?

Мэдээж ээж аавынхаа үг сургаалыг сонсож өссөн. Гэхдээ аав минь бурхан болсноос хойш ээжийнхээ түшиг нь болох үүрэг багаас л оногдсон. Ээждээ тусалж байна гэдэг мэдрэмж хамгийн их урамтай болгодог.  Дунд ангиасаа л  хоёр дүүтэйгээ ар даагаад үлддэг байлаа.  Ээж маань хил рүү явж наймаа хийдэг. Миний охин чадна гэсэн ээжийн минь итгэл л намайг юу юунаас илүү шийдэмгий, тэмүүлэлтэй, эрсдэл үүрэх тэнхээтэй болгосон болов уу. Наймаа хийгээд амжилттай байсан, юу ч үгүй шатаж байсан ч үе вий. Хамгийн санаанаас гардаггүй дурсамж гэвэл ээж нэг удаа хил рүү яваад хов хоосон ирсэн. Хөлсөлж явсан жолооч нь согтуугаар хятад хүн мөргөөд ээж минь бүх мөнгөөрөө гаргаж авсан байдаг. Тэр үед ээжид гурван охиноо гэх үү? Хөлсөлж авч явсан жолоочоо гэх үү гэдэг том дэнслээн дунд л шийдвэр гаргаснаа дурсдаг. Газраас таван төгрөг олоод таван литр ус гэж баярлах тийм мэдрэмжийг хүүхэд байхдаа авч байлаа. Энэ бүхнийг мэдэрсэн,  туулсан минь  муудаагүй ээ. Сайхан амьдарч байна. Намайг эн зэрэгтэй итгэл дүүрэн хүн болгон өсгөсөн ээждээ, амьдралд талархдаг.

Өөрийн чинь ярианаас үүрэг, хариуцлага хүлээж, дааж сурчээ гэж ойлголоо. Тийм ч учраас сайн дурын ажилд цаг, сэтгэл гаргадаг байх.  Залуучуудын нийгмийн оролцооны талаар яриагаа үргэлжлүүлье.

Залуучуудын оролцоо. Энэ талаарх ойлголт бэхжиж байна. Би хоёр зүйлийг тодотгож хэлмээр санагдлаа. Нэгдүгээрт, залуучууд нийтлэг үнэт зүйлээрээ нэгдэж, хамтарч чаддаг баймаар байна. Хүүхдүүдээ сайхан нийгэмд амьдруулахын төлөө бидний үеийн залуус үүрэг хүлээж,  дуу хоолойгоо илэрхийлэх цаг нь болсон гэж боддог. Хоёрдугаарт манай ах, эгч нар залуучуудыг чадна гэдэгт итгээсэй, итгэл хүлээлгээсэй. Хүүхдүүдийг балчир гэж чамлахгүйгээр, жаахан сэдэлжүүлэхэд тэднийг хэрхэн эергээр өөрчлөгдөж хөгжиж байгааг би харсан. Яг үүн шиг л биднийг залуу гэж дутуу үнэлэхгүйгээр хамтарч, дэмжиж ажиллаасай гэж хүсдэг.

Байгаа, суугаа газраа сайнаар үлгэрлэж, эерэг өөрчлөлтийн төлөө хичээн ажилладаг хүмүүсийг, үйл ажиллагааг онцлон сурвалжлах зорилготой “Хүний түүх” агуулгад маань оролцож өөрийн түүхээсээ хуваалцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.