“Газаркапитал партнерс ББСБ’’ ТӨВ салбарын зээлийн ажилтнаар ажиллах ямар байдаг вэ?
Ажилд орсон түүх
Сайн байцгаана уу? Намайг Т.Намуунцэцэг гэдэг. Ахлах сургуулиа Ирээдүй Цогцолбор 2-р ахлах сургуулийг 2020 онд төгсч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Эдийн засгийн” ангийг сонгон элсэн суралцсан. Анх ажилдаа 2023 оны 10 сард цагийн ажилтны туршлагатай оюутан орж, хоёр сар хагас дадлагажин, 2024 оны 1 сараас ТӨВ салбарын зээлийн ажилтнаар ажиллаж байна.
1-р курсээсээ эхлээд хичээлийн хажуугаар цагийн ажил хийж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр их ач холбогдол өгдөг байсан. 1,2-р курст байхад дээд курсийнхэн ах, эгч нар “мэргэжлээрээ бага ч гэсэн туршлагатай болох хэрэгтэй, ялангуяа 4-р курстээ ажиллах нь зүйтэй” гэж туршлагаасаа хуваалцдаг байсан. Тиймдээ ч 4-р курсийн намар хичээлийн жил эхэлмэгц яг мэргэжлээрээ ажиллах бодолтой байсан болохоор одоогийн ажилдаа CV-ээ илгээчихээд ажлын ярилцлагад дуудах хүртэл их догдлон хүлээж билээ.
Мэдээж өдийг хүртэл хийж байсан цагийн ажлууд, найз нөхөд, ажлын хамт олон гээд нийгмийн харилцаан дахь тал бүрийн нөлөөлөл маань ажлын карьераа эхлүүлэхэд нэлээн эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгсөн байх. Суралцах хугацаандаа өвлийн амралтаараа солонгос улсад ажиллаж, барилгын компани, ресторанд зөөгч, бармен жижиг хоолны үйлдвэрт хүртэл ажиллаж байсан.
ББСБ-д зээлийн ажилтнаар ажиллах ямар байдаг вэ?
Миний хувьд цагийн ажилтны туршлагатай, онолын хичээлийн мэдлэгтэй орсон тул, мэргэжлийн ёс зүй, хариуцлага, мөн ялангуяа санхүүгийн салбарын мэдлэгээ дээшлүүлж туршлагажиж байгаадаа баяртай байдаг. ББСБ-ын онцлог нь өөрөө тал талын мэдлэгтэй, мэдээлэлтэй цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой болгодог юм шиг санагддаг. Учир нь, зээлийн ажилтан нь харилцагчтай шууд харилцан мэдээлэл өгч, тухайн хүний эрэлт хэрэгцээг ойлгож, судалдаг учир өдөр бүр олон хүнтэй уулзаж цаашлаад ажил бизнес, амьдралын хэв маягийг нь ажиж тухайн хүний онцлог, давуу тал, сул талыг нь мэдэрч туршлага хуримтлуулдаг онцлогтой ажил юм.
Ажил, хичээл, хувийн амьдралаа зохицуулах хэцүү юу?
Төгсөх курсийн оюутан учраас харьцангуй хичээл багатай 7 хоногийн 1 өдөр нь л хичээлдээ явдаг бусад өдөр ажилдаа, амралтын өдрүүдээр өөртөө цаг гаргах боломжтой байдаг. Мөн ангийнхан сургуулийн багш нар, ажлын хамт олон маань мэддэг, дэмждэг учраас ажил, хичээлдээ тайван төвлөрч ажиллан, суралцаж чаддаг. Хамгийн гол нь төлөвлөж балансыг алдагдуулахгүй, өөрийгөө ядраахгүй байх хэрэгтэй. ‘Үндсэн ажилтан мөн төгсөх курсийн хичээлтэй оюутан байх нь тийм ч хэцүү биш байдаг.’
Суралцангаа ажиллаж буй, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байгаа оюутан залууст:
Залуустаа зөвлөмж өгвөл, нээрээ л манай дээд курсийнхны хэлдэг шиг, ялангуяа төгсөх курсдээ ороод өөрийгөө сорьж, мэргэжлээрээ ажиллахыг хичээгээрэй гэж зөвлөе. Хамгийн чухал нь ажил, амьдрал, сургууль тэнцвэртэй байвал өөрт нь эмх цэгцтэй тайван амьдрах боломж нь үүснэ шүү. Аль аль талдаа ойлгомжтой байж чадвал чи амжилттай туршлага хуримтлуулж чадна гэсэн үг.
Мэдээж чамайг ойлгож дэмжих хамт олон, найз нөхдийн хүрээллийг чи өөрөө л сонгож бий болгоно. Гэхдээ намайг ойлгох хэрэгтэй гээд ажлаа хаяаад явдаг, би энэ байгууллагын үнэтэй ажилтан нь гээд дураараа аашлаад байж болохгүй, хариуцлагатай байх хэрэгтэй юм шүү. Мөн тасралтгүй суралцаж, төлөвлөж өөрийгөө алхам бүртээ урамшуулах нь эерэг зөв залуу боловсон хүчний эхлэл юм.
Талархал
Намайг ойлгож хайрлаж зөвлөдөг, ангийнхан багш нар, үргэлж хөөрхөн уур амьсгалтай байдаг ажлын хамт олон, гэр бүлийнхэндээ талархаж явдгаа хэлье. Бүгдээрээ цаг мөч бүхэнд мундаг байгаа шүү, илүү хичээгээрэй. Амжилт…
Мөн оюутан залуусдаа итгэл өгч, байгаагаар нь хүлээн авч, мэргэжлийн туршлага байхгүй ч чи чадна аа хэмээн урам зориг өгдөг хүчтэй сэтгэл зүйтэй удирдлага хамт олонтой байгууллага Монгол Улсад маань улам илүү олон болоосой гэж хүсэж байна.